TV8

“TV-9” телевизийн танилцуулга

“ТV-9” телевиз нь 2003 онд байгуулагдсан Монгол улсын нэгэн арилжааны телевиз юм. Тус телевиз нь хоногийн 24 цагт 2 сувгаар Монгол улс даяар өргөн нэвтрүүлгээ цацдаг бөгөөд хөдөө орон нутагт гэрээт сурвалжлагчидтай. Тус телевиз нь Монгол дахь Бурханы шашны тогтмол нэвтрүүлгүүдтэй ганц телевиз юм. Мөн 103.6 үелзэлээрх богино долгионы радиотай.


Зохион байгуулалт:

Захиргаа

Захиргааны албан хаагчид өдөр тутам 8 цагаар ажиллаж байна.

Хамгаалалтын-алба

24х72 цагийн харьцаатай ажилладаг. Мэргэжлийн хамгаалалтын албатай

гэрээ байгуулан хамтран ажиллаж, телевизийн аюулгүй байдал, эд хөрөнгийг хамгаалдаг.

Нэвтрүүлгийн алба:

Тус алба нь эфирт цацагдах бүх хөтөлбөрийг хариуцан ажилладаг бөгөөд нэвтрүүлгийн албаны даргын удирдлагын дор ажиллана. Уран сайхны зөвлөл, найруулагч, редактор, зураглаач, АЗА-гийн ажилтан, графикч, эвлүүлэгч гэсэн бүтэцтэй.

Мэдээллийн алба:

Мэдээлэл бэлтгэх боловсруулах, сурвалжлах, эргэх холбоо байгуулах, мэдээллийг эфирт өөрөө уншиж хүргэх хэлбэрээр хөтөлбөрөө явуулдаг редакторууд, зураглаач нар, найруулагчид, хөтлөгчтэй.

Компьютер техникийн алба

Шугаман бус монтаж, графикийн компьютерууд нь сүүлийн үеийн серверийн зориулалттай өндөр хүчин чадалтай. Бусад техник дээр ажиллах инженерүүд энэ албанд харьяалагдах бөгөөд тус техникийг ашиглах, элдэв гэмтэл сааталд засвар үзүүлэх чадвартай мэргэжлийн боловсон хүчнүүд ажиллаж байна.

Гэрэл дуу чимэглэлийн алба, Эфир:

Эфирийн хариуцлага, дуу чимээ, өнгө гэрэл зэрэг телевизийн уран бүтээлийн эцсийн бүтээгдэхүүнийг борлуулж байгаагийн хувьд эфирийн найруулагчид 24х48 цагийн харьцаатай хуваариар хариуцлагын өндөр түвшинд ажилладаг.

Хамтран ажилладаг студи продакшн

Хамтран ажиллах сонирхолтой, телевизийн нэвтрүүлгийг мэргэжлийн түвшинд бэлтгэн бусад телевизүүдтэй өрсөлдөх чадвартай студи, продакшнтай хамтран ажиллах гэрээний дагуу эфирийн зарим сул цагийг түрээслэн ажилладаг. Энэ нь нэг талаар телевизийн хүчний ачааллыг бууруулах, нөгөө талаар өөр шинэ өнцгөөс харсан нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх бодлого байдаг.


Бодлого, өнгө төрх:

ТV9 телевизийн таних тэмдэг буюу лого нь улбар шар өнгийн дэвсгэртэй, тоон бэлэгдлийн хувьд гараг эрхис, зан заншил, монголын шашны үйлтэй голдуу холбогддог 9-ийн тоог цоолж хийсэн зуувин тэмдэг. Үзэгчдийн хүрээг тэлэх арга ажиллагааны болон бодлогын хувьд авч буй арга хэмжээ, энэрэнгүй буюу буддын шашны сургаалийг сүсэгтэн олонд ойртуулсан шилдэг буюу аль нэг телевизийн сэдэж гаргаагүй цоо шинэ нэвтрүүлгийн санаа, төсөл хэрэгжүүлэн ажилладаг.

Олон нийт буюу үзэгчдийн дунд хот хөдөө гэж зааглан, маркетингийн томоохон судалгаа гаргаж цаашид байнга зах зээлийн бичил судалгаа хийн ажилладаг. Өдрийн турш үзэгчидтэй байхыг эрхэм болгосон шуурхай хүртээмжтэй бодит байх, мэдээллийг тэнцвэртэй өгөх, хөдөө орон нутгийн үзэгчдэд нэвтрүүлгээ хүргэх, зар сурталчилгаа төлбөрт нэвтрүүлгийн хувьд орон нутагт дангаар цацаж, үнийн монополийг хадгалж байгаа бусад телевизүүдээс хол ялгаатай, уян хатан тариф тогтоох чиглэлтэй байна.

Олон нийтэч байр сууринаас үргэлж шинэ соргог, өргөн цар хүрээтэй мэдээллийг шаарддаг үзэгчиддээ “Таны телевиз” гэсэн уриан дор мэргэжлийн түвшинд уран бүтээл хүргэх зорилготойгоор ажиллаж байна


Зорилт:

ТV9 телевизийн тогтсон имидж, өнгө төрх нэвтрүүлэг, мэдээллийн цар хүрээ шуурхай байдал болон орчин үеийн харилцаа холбооны техник технологийн дэвшил, техникийн болон уран бүтээлийн мэргэшсэн багийн давуу талд тулгуурлан улс орны хөгжлийн тулгамдсан асуудлыг мэдээлэх, эдийн засгийн өсөлтийг түргэтгэх олон ургальч үзэл, иргэний нийгмийг хөгжүүлэн төлөвшүүлэх, ард иргэдийг соён гэгээрүүлэх замаар үндсэний эв нэгдэл, бүтээн байгуулалтыг хөхүүлэн дэмжихэд чиглэсэн телевизийн нэвтрүүлэг, мэдээ мэдээллийг үндсэний хэмжээнд түгээн нэвтрүүлдэг, Монголын олон хэрэгсэлд тэргүүлэгч суваг болох эрхэм зорилго дэвшүүлж байна.

Цаг тутамд өөрчлөгдөж буй мэдээллийн зуунд үзэгчдийн хүсэл сонирхол, эрэлт хэрэгцээнд нийцсэн мэдээллийн шинэ орон зайг хөдөө орон нутагт бий болгож байна. Манайх 24 цагийн турш эфиртэй Монголын анхны телевиз. Техник технологийн хувьд хамгийн орчин үеийн дуу дүрсний тоон системээр үзэгчдэд чанарын өндөр түвшинд хүргэдэг.


Хамтран ажилладаг байгууллагууд

ТV 9 телевиз нь Азийн телевизүүдийн холбооны гишүүн. Түүнчлэн манай телевиз түүхэндээ анх удаа өвлийн олимпийн наадам, МУ-ын ерөнхийлөгчийн сонгууль , АНУ-ын ерөнхийлөгч асан Жорж Бушийн Монгол дахь айлчлал, Улсын баяр наадам, хурдан морины уралдаан зэргийг шууд дамжуулан үзүүлсэн юм.


Нэвтрүүлэг давуу талууд:

Үзэгч олны талархлыг хүлээж чадсан тодорхой нэвтрүүлгүүдтэй. УИХ-ын үйл ажиллагааг төрийн ордноос шууд бүрэн эхээр нь дамжуулах боломжтой тул төр засаг, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг шуурхай хүртээмжтэй хүргэх боломжтой. Хөдөө орон нутагт эфир цацсан тохиолдолд 21 аймаг дахь сурвалжлагчдаараа дамжуулан аймаг орон нутгийн амьдралтай холбоотой гурван цаг тутмын шуурхай мэдээлэл хүргэх боломжтой. Уламжлалт Буддын шашны энэрэн нигүүлсэх сургаалийг сүсэгтэн олонд тайлбарлан таниулах, сэтгэлийн ариуслыг эрхэмлэн ойлгуулах “Ном хурах цаг” нэвтрүүлэгт хөдөө орон нутгаас шууд холбогдож, хуралд даган баясах боломжтой.


Техникийн давуу талууд:

Техник хэрэгслийн тухайд хамгийн өндөр үзүүлэлт бүхий орчин үеийн төдийгүй “Сони” корпорацид үйлдвэрлэгдсэн мэргэжлийн техник хэрэгсэлтэй. Мэдээ мэдээлэл үйл явдлыг газар дээрээс нь шууд дамжуулах “Ди Би Эс” станцтай. Эфир явуулах хамгийн уян хатан, шуурхай өөрчлөх, эвлүүлэх, дамжуулах зэрэг боломжтой студитэй. Удаан тогтвортой ажиллах чанартай техник хэрэгсэлтэй бөгөөд дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэх боломжтой.


Боловсон хүчний давуу талууд:

Тус телевиз ажиллах боловсон хүчнээ радио телевиз, сонин хэвлэлд ажиллаж байсан хүмүүсээр үндсэн багаа бүрдүүлсэн инженер-техникийн ажилтнаа их, дээд сургууль төгсөгчдөөс сонгон шалгаруулан авч, урт богино хугацааны сургалтанд хамруулан дадлага эзэмшүүлсэн. Уран бүтээлчдийн хувьд шуурхай бүтээлч ажиллах дадал чадвар бүрдсэн 21 аймагт гэрээт сурвалжлагчтай болсон. Гадаад хэлний боловсролтой редакторуудаар мэдээний багийг бэхжүүлсэн бөгөөд нэвтрүүлгүүдийг сүлжээндээ багтааж, тухайн жилд болдог тэмдэглэлт өдрүүд болон дэлхий даяар тэмдэглэдэг баяр болон үндэсний баяр, байгууллага хамт олны захиалгын нэвтрүүлгүүдийг тухайн цаг үед төлөвлөн бэлтгэдэг.Түүнчлэн жүжиг, зохиомж, баримтат кино, өөрийн төсөвтэй бусад дэлгэцийн урлагийн бүтээлүүдийг бэлтгэн үзэгчиддээ толилуулж байдаг.


ТV зууч 1913

ТV9 телевизийн дэргэд “ТВ зууч 1913” лавлах утас ажиллаж, телевизийн нэвтрүүлгүүд, мэдээлэлтэй холбоотой бүх асуултад хариулт өгдөг бөгөөд өдөр бүр өглөөний 8 цагаас шөнийн 00 цагийн хооронд телевиз радиогийн ая дууны мэндчилгээ, зар, санал хүсэлтийг мөн, тухайн өдөр хурах бурхны номыг даган баясан гэр бүлийн нэрийг авдаг. Бусад лавлагаанд хариулт өгдөг.


ТV9-FМ103,6

ТV-9 телевизийн дэргэдэх FМ 103,6 богино долгионы радиогоор тусгай хөтөлбөр бүхий өөрийн хөгжмийн хөтөлбөр, нэвтрүүлэг, хөгжмийн ертөнцийн мэдээллийн зэрэгцээ ТV-9 телевизээр нэвтрүүлдэг мэдээллийн хөтөлбөрүүд, 1913 утсанд ирсэн зарын нэвтрүүлэг, хөгжим, спортын шууд нэвтрүүлэг, шоу арга хэмжээг тус богино долгионы радио эфиртээ давхар цацаж байна.Үүгээрээ бусад FМ радиогоос ялгагдаж рейтингийн хувьд өндөрт тооцогддог.


ТV9 телевиз интернетээр:

ТV9 телевиз 2004 онд интернетээр нэвтрүүлгээ цацаж дэлхийд өөрийн байр суурийг олох үндэс сууриа тавьж эхэлсэн. Монголд болж буй үйл явдлын талаарх мэдээ мэдээллийг нэвтрүүлдэг нь үзэгчдийн хамрах хүрээг тэлж, гадаадад суугаа монголчууд төдийгүй бусад орны иргэдийн хувьд Монголын тухай мэдээллийг үзүүлж, манай оронтой танилцах боломжийг нээж байгаа юм. Монгол улсад үйл ажиллагаагаа явуулдаг бусад телевизийн эфирийн цагтай харьцуулахад дунджаар ТV9 телевиз илүү олон цагаар үзэгчдэд хүрдэг байна.