TV8

Захирлын мэндчилгээ

Ил тодын индэр үнэний дуу хоолой болсоор байна

Responsive image

“Таны телевиз” ТВ-9-ийн хамт олон бид улиран одож буй 2014 онд амжилт бүтээлээр дүүрэн байлаа. Ард иргэдийнхээ шударга үнэний дуу хоолой болж Монгол орны Хөвсгөлийн гүн тайгаас Өмнийн цэнхэр говь, сүрлэг Алтайн уулсаас Дорнодын цэлгэр тал хүртэлх өргөн уудам нутагтаа энх тунх аж төрөн суугаа үзэгч олондоо Монголын нийгэмд болж буй үйл явдлыг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэлээ. Амин чухал сэдвээр мэдээ мэдээлэл, нэвтрүүлэг хөтөлбөр бэлтгэж, үндэсний болон олон улсын спортын уралдаан тэмцээнийг газар дээрээс нь шууд дамжуулан толилуулж байлаа. Монголын түүхэнд анх удаа 2014 оны зун, намар болж өнгөрсөн олон сумдын баяр наадмыг сурвалжлан хүргэсэн нь үзэгчдийн талархал хүлээлээ.

ТВ-9 телевизийн “Монгол коммент” өдөр тутмын шууд нэвтрүүлэг 2014 онд иргэдээсээ 550 гаруй захидал, санал, хүсэлт хүлээж авч тэдэнд боломжийн хэрээр хариулт өгчээ. Энэ нэвтрүүлэг шиг ийм олон санал, хүсэлт, захидал хүлээн авсан хэвлэл, мэдээллийн хэрэгсэл Монголд тун цөөхөн. “Максима” судалгааны төвөөс сар бүр гаргадаг бүтэн жилийн судалгаагаар “Монгол коммент” 2014 оны хамгийн олон үзэгчидтэй нэвтрүүлгээр шалгарч байна. Мөн “Монгол коммент” өөрийн Facebook хуудсыг идэвхжүүлж 120,000 дагагчтай групп үүсгэж иргэдийн үзэл бодол, ил тодын индэр болоод байна. Богино долгионы радио 103,6-тай хамтран ажиллаж нэвтрүүлгээ зөвхөн үзүүлэх төдийгүй иргэддээ бас сонсгож, мөн онлайн хэлбэрээр цахим хэрэглэгчиддээ шууд хүргэж байна.

Манай телевизийн “Эзэнгүй төрийн эмгэнэл”, “Дотно сэдэв”, “Гоо бүсгүй”, “Аха” зэрэг нэвтрүүлэг үзэгчдийн сэтгэлийг ямагт татаж, “Энэ өдөр” ба “Анализ” мэдээллийн хөтөлбөр тэдний зүрх сэтгэлийг байлдан дагуулсан хэвээр байна. Хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн “Лоолойгийн найзууд” хөтөлбөр Монголдоо тэргүүлж, Японы нийслэл Токио хотод саяхан болж өнгөрсөн Азийн улс орнуудын телевизийн наадмаас дэд байранд шалгарлаа. “Ярилцъя л даа”, “Сайн өнгө”, “Хасах градус” зэрэг шинэ нэвтрүүлгүүд ТВ-9-д төрж мэндэллээ. Манай нийт сэтгүүлч, найруулагч, операторчид 5 багт хуваагдан уран бүтээлээрээ өрсөлдөж уралдаж байна. Ирж байгаа 2015 онд энэ бүх бүтээлч эрэл хайгуул, шинэчлэл улам баяжигдан үргэлжлэх болно.

“Таны телевиз” ТВ-9 ардчилсан нийгмийн үнэт зүйлсийн найдвартай баталгаа “хоточ нохой”-н үүргээ цаашид ч үнэнчээр биелүүлж, сөрөг хүчний дуу хоолой болж чөлөөт хэвлэлийн үлгэр дуурайлыг үзүүлсээр байхаа үзэгчиддээ батлан илэрхийлж байна. Бид бүхэнтэй үргэлж цуг байж алдаа оноо, амжилт ололтыг минь хэлж өгч, залж чиглүүлж ирсэн мэргэн шүүгч үзэгчид та бүхэндээ, бидэнтэй нягт хамтран ажиллаж байгаа аж ахуй, бизнесийн байгууллагууддаа ирж байгаа шинэ оны мэндийг дэвшүүлж, амжилт бүтээл, аз жаргалын дээдийг хүсэн ерөөе.

Бодит үнэнийн дуу хоолой 2015 онд улам хүчтэй цуурайтаж, шударга ёс Монгол Улсад мандан бадрах болтугай!

Хүндэтгэсэн ТВ-9 телевизийн гүйцэтгэх захирал Тугалхүүгийн Баасансүрэн

2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр