TV8

Responsive image

Виктор Янукович “аюулгүй албаны зарим гишүүд хуулийн дагуу зэвсэг хэрэглэсэн” гэжээ

2015-06-23

Украйны экс ерөнхийлөгч Виктор Янукович өнгөрсөн оны 2-р сараас хойш анх удаа Барууны телевизэд ярилцлага өгчээ. Виктор Янукович “ВВС” телевизийн “Newsnight” хөтөлбөрт зочноор уригдсан аж. Виктор Янукович Майданы талбай дахь жагсагчдын эсрэг гал нээсэн хэрэгт “Би хариуцлагаас бултахгүй. Гэвч би зэвсэг хэрэглэх тушаал өгөөгүй. Энэ миний эрхэд хамаарахгүй. Би хүч хэрэглэх, цус урсгахын эсрэг байсан. Гэхдээ аюулгүй албаны зарим гишүүд хуулийн дагуу албан үүргээ гүйцэтгэсэн. Тэдэнд зэвсэг хэрэглэх эрх бий” хэмээжээ. Киевийн төв талбайд болсон мөргөлдөөний үеэр 100 гаруй хүн амь үрэгдсэн юм. Виктор Янукович Киевт төрийн эргэлт гарснаар өнгөрсөн 2-р сард ОХУ руу дүрвэсэн билээ. Тэрээр өөрийг нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин аюулгүй хамгаалан Москвад авчруулсан хэмээн ярьжээ. Тэрээр Киевийн улс төрийн сөрөг хүчнийг төрийн эргэлт хийж, хэт барууны цэргийн хүчнүүдийг гаргаж ирэх ёсгүй байсан хэмээн буруушаажээ. Виктор Янукович “Би тэдэнд Майданаар бүх зүйл төгсөхгүй, та нар цааш нь явна гэдгийг анхааруулсан. Одоо тэд улс орноо бутаргалаа. Тэд бүх дэлхийг энэ зөрчилд татан оруулсан” гэв. Виктор Янукович төрийн сангаас мөнгө шамшигдуулсан хэргийг эрс няцаажээ. Тэрээр “Януковичийн нэрэн дээрх данс хаана байна? Тийм зүйл байхгүй болохоор тэд юугаа ч үзүүлэх юм” гэж хариулсан байна. Киевийн хүсэлтээр Виктор Януковичийг олон сая ам.доллар шамшигдуулсан хэрэгт Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн билээ. Түүнчлэн Украйны зүүн хязгаарын иргэний дайны тухай “Энэ бол биеллээ олсон “хар дарсан зүүд” хэмээжээ. Тэрээр салан тусгаарлагчдын мэдэлд буй Донбасс Украйны нэг хэсэг хэвээр үлдэх ёстой гэсэн байр суурь илэрхийлсэн байна. Виктор Янукович АНУ болон Европын холбоо Киевийн эрх баригчдыг босогчдын удирдагчидтай шууд хэлэлцээ хийхийг хүчлэх хэрэгтэй гэв.

tv9.mn

 


Холбоотой мэдээ