TV8

Responsive image

Ганзагын наймаа хүний эрүүл мэндийг хордуулах эрсдэлтэй

2015-06-29

Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн бүс нутгуудад ОХУ-аас хууль бусаар оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалагдаж байгаа мэдээлэл гарч байсан.  Эрүүл ахуй, чанарын баталгаагүй гэх гар дээрээс хүнс худалдаалах үзэгдэл Улаанбаатар хотод ч бий болжээ. Иймээс мэргэжлийн байгууллагын зүгээс иргэдийн эрүүл мэндийг хамгаалах томоохон ажлыг хийх шаардлага тулгарч байна.

Өдөртөө 20-30 хэм хүрч байгаа зуны халуун өдрүүдэд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг худалдаалж байгаа нь худалдан авагчдын эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа хэрэг. ОХУ-аас оруулж ирсэн эдгээр бүтээгдэхүүн олон хоног зориулалтын бус тээврийн хэрэгслээр зөөвөрлөгдсөн. Дээр нь машины тэвшинд хадгалагдаж байгаа. Ийм хүнснээс чанар бус хор нь амтагдана гэж мэргэжлийнхэн үзэж байна. Хэдийгээр үйлдвэрээс гарсан он сар хугацаа нь дуусаагүй ч стандартын дагуу хадгалаагүй бол чанар муудна. Хүнсний бүтээгдэхүүнийг хадгалах тодорхой темпаратур бий. Хамгийн дээд тал нь 21 хэмд хадгалах ёстой. Гэтэл гадаа хэм 30 хүрч машины тэвшинд үүнээс бүгчим орчинд хадгалагдаж байгаа хүнсний чанар мууддаг гэдгийг мэргэжлийн хяналтынхан анхааруулж байна. Иймээс гар дээрээс буюу зориулалтын бус нөхцөлд хадгалан худалдаж байгаа хүнсний бүтээгдэхүүнийг авч амь насаа эрсдэлд оруулахгүй байхыг анхаарууллаа.

Иргэдийн хувьд орос бүтээгдэхүүн чанартай гэсэн итгэлээр худалдаж авдаг. Гэтэл үнэхээр чанартай юу? Жинхэнэ орос үйлдвэрийнх нь брэнд бүтээгдэхүүн мөн эсэх ч эргэлзээтэй гэж байна. Учир нь Оросын зарим бүс нутагт хуурамч бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрс нэмэгдчихсэн. Энэ хэрээрээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал алдагдсан дүр зурагтай байгаа. Ийм нөхцөлд орос бүтээгдэхүүн чанартай гэсэн бодлоор эрүүл мэндээ хохироохгүй байхыг мэргэжлийн байгууллага нь анхааруулж байна.

Хэрэв ийм бүтээгдэхүүнээс болж та хохирвол хэн ч хариуцлага хүлээхгүй. Хаана үйлдвэрлэсэн, хэзээ оруулж ирсэн, хэрхэн хадгалсан гэдэгт хэн ч хариуцлага хүлээхгүй. Та л хохирч үлдэнэ. Иймээс буух эзэнтэй буцах хаягтай дотоодын үйлдвэрийн бүтээгдэхүүн, эсвэл зориулалтын дэлгүүрээс нь авахыг мэргэжлийн хяналтын байгууллагаас анхаарууллаа.

tv9.mn

 


Холбоотой мэдээ