TV8

Responsive image

“Малчин фермер-2000” малчны бүсчилсэн сургалт үргэлжилж байна

2015-07-08

Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхны санаачилгаар 2014 оноос хойш бүсчилсэн малчдын сургалтыг зохион байгуулж байна. Өнгөрөгч 2014 онд 20 сумыг хамарсан 2000 малчны сургалтыг зохион байгуулж байжээ.  

2015 оныг “Малчдын хөгжлийг дэмжих жил” болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд аймгийн 4000 малчинд сургалт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Үүнээс эхний ээлжийн сургалтыг бүсчилсэн хэлбэрээр 2000 малчныг хамруулан зохион байгуулж байна. Сумдаас хамрагдах малчдын тоо, сургалтыг хуваарийг тухайн сумдын удирдлагуудын саналыг үндэслэн гаргасан бөгөөд 2015 оны 6-р сарын 20-ноос 7-р сарын 7-ны хооронд Баянхонгор аймагт 6 ээлжээр зохион байгуулж байгаа юм.

Сургалтыг Аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөрийн хэлтэс, Магадлан итгэмжлэгдсэн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, Эрүүл мэндийн газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтэс, аймгийн Хөгжимт драмын театр, “Тэмүжин” театр хамтран зохион байгуулж сумдын удирдлага, мэргэжилтнүүд идэвх санаачилгатай хандаж сум, орон нутгийнхаа малчдыг олноор хамруулж байгаад сайшаалтай байна.

Энэ удаагийн сургалтад 2014 оны 2000 малчны сургалтад хамрагдсан малчид дахин оролцох боломжгүй бөгөөд сургалтаар эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж үйлчилгээ, хөдөлмөр, хөдөө аж ахуйн талаар мэдлэг боловсролоо дээшлүүлж байгаагаараа онцлог юм. Малчдын ирэх буцах унааны зардлыг аймаг хариуцаж, сургалтын явцад гарах хоол, байр, бусад зардлыг аймаг хариуцаж аймгийн  “Орон нутгийн хөгжлийн сан”-гаас 50 сая төгрөг зарцуулж байна. Дараагийн ээлжийн 2000 малчны сургалтыг намар зохион байгуулахаар төлөвлөж байна. Сургалтанд 45-аас доош насны залуу малчид хамрагдаж байгаа бөгөөд богино хугацаанд олон зүйлийг сурч авч байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлсээр байгаа юм.

tv9.mn

 


Холбоотой мэдээ