TV8

Responsive image

Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг хүлээн авч уулзлаа

2015-07-17

АНУ-ын Вашингтон хотноо  өнгөрсөн 6-р сарын 25-наас 7-р сарын 5-ны хооронд зохион байгуулагдсан, 2 жилд нэг удаа болдог Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон тамирчдыг өнөөдөр цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд хүлээн авч уулзан баяр хүргэлээ.

АНУ-ын  Вашингтон  хотод  зохион  байгуулагдсан Цагдаагийн  дэлхийн  аварга  шалгаруулах  тэмцээнд  спортын  60  төрөлд 70  орны 1200  тамирчин  оролцлоо. Тус  нэр  хүндтэй  тэмцээнд  монголын  цагдаагийн байгууллагаас  8  албан  хаагчид  спортын  6  төрөлд  оролцож  нийт  16  медалийг  эх орондоо авчирлаа. Эдгээрээс ХУД-ийн цагдаагийн 2-р хэлтсийн хэв журмын цагдаа, цагдаагийн  ахлагч, дугуйн  спортын  ОУХМ   Түвшинжаргалын Энхжаргал 3  төрөлд амжилттай оролцож 3  алтан медаль хүртсэн бол, буудлага спортын ОУХМ, “Хүч” спорт хорооны туслах дасгалжуулагч, цагдаагийн ахлагч Олзодын Энхсайхан мөн хийн урт буун төрөлд 3 алтан медаль хүртсэн юм. Харин хүчний спортын төрөл буюу пауэрлифтингийн төрөлд Монголын цагдаагийн баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 2 хvрэл медалийг хүртсэн юм.

“Дэлхийн цагдаагийн олимп” хэмээн нэрлэгддэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд  цагдаагийн  дэд  хурандаа  Эрдэнэцогт  алт,  ахмад  Баярмаа  алт,  дэд хурандаа Хишигтогтох мөнгө, хошууч Баярмагнай хvрэл, дэд хурандаа Ууганбаяр хvрэл, Замын цагдаагийн газрын тусгай хамгаалалтын тасгийн цагдаа, цагдаагийн ахлах  ахлагч, Буудлага  спортын  ОУХМ  Эрдэнэбилэгийн  Халиунболд  2 мөнгө, хамгаалалтын  3-р  газрын  харуулын  цагдаа, Монголын  жүдо  бөхийн ОУХМ  Сумъяа  Батгал  1  мөнгө, БЗД-ийн  цагдаагийн  1-р  хэлтсийн  эргүүлийн офицер, цагдаагийн  ахмад  Хүрэлсайханы  Баярмөнх  1  мөнгөн  медалийг тус  тус хvртлээ. Цагдаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын цагдаагийн байгууллагын нэрийг өндөрт өргөсөн баг тамирчиддаа спортын амжилт хүсэхийн чанцуу  маргааш  болох  цагдаагийн  албан  хаагчдын  баярын  мэндийг   дэвшүүлье.

tv9.mn


Холбоотой мэдээ