TV8

Responsive image

“Тур де Франс” уралдааны 11 дэх гараанд Рафаэль Майка түрүүллээ

2015-07-17

2015 оны “Тур де Франс” уралдааны 11 дэх шатны уралдаан  Котре тосгонд барианд орлоо. Нийт  188 км үргэлжилсэн энэ удаагийн гараанд “Тинкофф-Саксо” багийн Польш дугуйчин Рафаэль Майка түрүүлсэн байна. Энэхүү уралдаан нь энэ жилийн 2 дахь уулын гараа байсан бөгөөд хэдий Рафаэль Майка тэргүүн байр эзэлсэн ч өнгөрсөн гараанд түрүүлсэн Крис Фрум тэргүүлэгчийн шар цамцаа хадгалснаас гадна уулын гарааны цоохор цамцаа ч мөн хадгалсан хэвээр байна. Энэ удаагийн гарааны 2-р байранд “Каннондэйл-Гармин” багийн Ирланд дугуйчин Дэниэл Мартин орсон бол Бора-Аргон 18 багийн Герман дугуйчин Эмануэль Бухман 3-р байр, МТН-Кубека багийн Бельги дугуйчин Серж Пауэлс 4-р байр, “Тим Европкар” багийн Франц дугуйчин Томас Фёклер 5-р байранд тус бүр бичигджээ. Одоогийн байдлаар үндсэн төрөлд Крис Фрум 41 цаг 3 минут 31 секундын үзүүлэлтээр тэргүүлэн шар цамцыг эзэмшиж байгаа бол онооны үзүүлэлтээр “Тинкофф-Саксо” багийн Словак дугуйчин Петер Саган 239 оноотойгоор хүснэгтийг тэргүүлж ногоон цамцыг эзэмшиж байгаа юм. Харин багийн дүнгээр “Тим Скай” баг 124 цаг 30 минут 54 секундын үзүүлэлтээр тэргүүлж байгаа билээ. “Тур де Франс”-ын 12 дахь шатны уралдаан мөн уулын гараагаар үргэлжлэх бөгөөд Ланмезан хотоос гарч 195 км үргэлжлэн Плато де Бейль цанын баазад барианд орно.

tv9.mn


Холбоотой мэдээ