TV8

Responsive image

АТГ-ын шалгалтаар ЭМЯ-наас ноцтой зөрчлүүд илэрчээ

2019-07-26

Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан албан хаагчид болон орон тооны бус шинжээчид нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс “тусгай зөвшөөрөл”-ийн хүсэлт, төслийг хүлээн авч, шийдвэрлэхдээ удаа дараагийн үйлдлээр хүнд суртал гаргаж, хахууль авсан үйлдлийг АТГ шалгасан. Тэд өнгөрсөн есдүгээр сард өөрсдийн хамаарал бүхий иргэний нэр дээр компани үүсгэн байгуулж, эм, эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэх  тусгай зөвшөөрлийг хууль бусаар гаргуулж, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байжээ.

Хэргийн мөрөөр АТГ Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвд ажилласан байна. Шалгалтаар Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төв эрх, тусгай зөвшөөрөл олгохтой холбоотой харилцааг зохицуулсан хуулийг дагаж мөрддөггүй, бодлогын баримт бичиг, журмыг хэсэг бүлэг хүмүүст тохируулан гаргадаг, удирдлагын зүгээс эрх олгох, тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаатай холбоотой салбарын өдөр тутамд гардаг хүндрэл бэрхшээлийг арилгах, авлига, ашиг сонирхлын зөрчил, хүнд суртал, чирэгдэл үүсгэгч шалтгаан нөхцөлүүдийг судлан тогтоох хүсэл эрмэлзэл, санаачлага байхгүй, хяналт тавьдаггүй. Тусгай зөвшөөрөл хариуцсан ажлын байранд туршлагагүй, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдүүдийг томилсон, ажлын байрны тодорхойлолтыг албан хаагчид тохируулан боловсруулдаг, зөвшөөрөл олгох үйл явц, эрх зүйн баримт бичиг, зөвшөөрөл эзэмшигч нарын мэдээлэл ил тод биш зөрчил илэрчээ.  Дээрх зөрчлийг арилгах чиглэлээр 11 асуудал бүхий зөвлөмж боловсруулан Эрүүл мэндийн яаманд хүргүүлжээ.


Холбоотой мэдээ