TV8

Responsive image

Г.Бадамхатан: Дөчин жил “хөдөлгөж” чадаагүй ажлыг эхлүүлсэн, үр дүнгээ хүлээж байна

2019-07-29

“Тавантолгой түлш” компанийн  ахлах зөвлөх, доктор, профессор Г.Бадамхатантай ярилцлаа.

-Ирэх намраас эхлээд нийслэлчүүд танай компанийн үйлдвэрлэж буй сайжруулсан шахмал түлшийг хэрэглэнэ.  Агаарын бохирдлыг бууруулах нэг гарц гэж Засгийн газар үзэж байна. Хэр үр дүнтэй байх бол. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Нийслэлд түүхий  нүүрс оруулахгүй байх тухай Засгийн газрын тогтоол хэрэгжээд нэг сар гаруй болж байна.  Үүнтэй зэрэгцэн манай компани шахмал түлшээ борлуулж эхэллээ. Түүнчлэн ирэх өвөлдөө бэлтгэн түлш нөөцлөх ажлыг хийж байгаа. Одоогийн байдлаар 130 гаруй мянган тонн сайжруулсан түлш бэлэн болсон.  Улаанбаатарын нэг өвлийн түлшний хэрэглээ 600 гаруй тонн юм.  Үүнийг 100 хувь нийлүүлэхээр ажиллаж байна. Ирэх намраас зургаан дүүргийн 107 цэгээр дамжуулан борлуулна. Одоо хоёр сарын дараагаас л утааны улирал эхэлнэ. Дүнгээ тавиулах гэж их яарч байна.  Бидний хичээл зүтгэлийн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа.

-Нийслэлчүүд 600 тонн шахмал түлш хэрэглэх юм байна. Түүхий нүүрсний тухайд ямар судалгаа байдаг вэ?

-Нэг сая 200 мянган тонн түүхий нүүрс түлдэг. Тэгэхээр түлш хэрэглэснээр нүүрсний  бодит хэмжээг хоёр дахин бууруулж байна.    Шахмал түлш маань түүхий нүүрстэй харьцуулахад шаталт удаантай, дулаанаа сайн барьдаг. Энэ утгаараа утааг 50 орчим  хувь бууруулж чадна.  Түүнчлэн шахмал түлшээ хамгийн сайн чанарын нүүрсээр хийж байгаа.  Улаанбаатараас 585 км зайд орших Тавантолгойн нүүрсний уурхайгаас  нүүрсээ авчирдаг.   Энэ нүүрс нь элч, чанар гээд Багануур, Алагтолгой, Налайхын нүүрснээс бүх зүйлээрээ давуу чанартай.  Нүүрс дээрээ бид бэхжүүлэх,  хөө тортог бууруулах нано технологиор үйлдвэрлэсэн 2-3 төрлийн бодис хийж шахмал түлшээ үйлдвэрлэж байна.

-Шахмал түлш хэрэглэснээр нүүрсний бодит хэрэглээ хоёр дахин багасах юм байна. Утаа тодорхой хэмжээнд гарах нь тодорхой. Тэнд агуулагдаж байгаа  хорт бодисын хэмжээг бууруулж байгаа юу?

-Тийм ээ. Утаанд байдаг хорт бодисуудыг бууруулж байна.  Ялангуяа, угаарын хий гэж байдаг.  Тэр байхгүй болно. Хүхэрлэг хий, азотын хий байхгүй болно. Ерөнхийдөө нүүрс түлэхэд гардаг хорт элементүүдийн хэмжээг 2-8 дахин багасгаж байна. Түүнчлэн хатуу тоосонцрын хэмжээ 30 орчим хувь буурна. Энэ бүхнийг бодитоор тооцоод үзэхэд агаарын бохирдол  50-60 хувь буурах үндэслэлтэй.   Тэгэхээр одоо айл өрх, иргэд маань үүнийг ухамсарлаж, шахмал түлшээ хэрэглэмээр байна. Янз бүрийн хандлага нийгэм байна л даа. Түүхий нүүрсээ түлнэ, бид шахмал түлш түлж үзээгүй гэж ярьж байна. Уг нь бүх нийгмээрээ хамтарч чадвал агаарын бохирдлыг бууруулах боломжтой.   Нэг тонн нүүрс түлэхэд агаарт буй бодисуудтай холилдохоор 1.5 тонн утаа бий болдог. Тэгэхээр нийслэлчүүд жилд 6000 тонн нүүрс түлэхэд 9000 тонн хорт утаа гарч байна гэсэн үг. Эргээд иргэдийн эрүүл мэндэд маш хортойгоор нөлөөлж байгаа.

-Утаа буурсан гэдгийг хаанаас тогтоох вэ. Танайхаас ямар судалгааны байгууллагатай хамтарч ажиллах вэ?

-Хэмжилт хийдэг тодорхой цэгүүд бий. Тэндээс үр дүн хэлэх байна. Мөн иргэдэд мэдрэгдэнэ л дээ. Утаа буурч байж л доторх хор нь багасна. Өнгөрсөн өвөл иргэд маск зүүгээд л 50 метрийн цаадахаа харж чадахгүй байлаа шүү дээ. Миний хувьд энэ Засгийн газрыг харин ч зоригтой хөдөллөө гэж бодож байна. Сүүлийн 40 жил хийж чадаагүй ажлыг нэг жилийн хугацаанд эхлүүлж чадлаа. Одоо үр дүн чухал юм.

-Та шахмал түлшний талаар олон жил судалгаа хийсэн. Энэ салбар Монгол Улсын хөгжилд чухал нөлөөтэй гэдгийг одооноос л хүлээн зөвшөөрч байх шиг байна?

-Тийм ээ. Миний хувьд сайжруулсан түлшний судалгааг 40 орчим жил хийж байна.  Энэ  асуудал 1978 оноос буюу Ж.Батмөнх даргын үеэс л яригдсан байдаг.  Сайд нарын зөвлөлийн дарга байхдаа ХБНГУ-д айлчилж тэндээс энэ төрлийн туршлагыг судалж ирсэн. Түүнээс хойшх үе үеийн  Засгийн газар сайжруулсан түлшийг нэвтрүүлэхээр их бага хэмжээгээр мөнгө зарж ирсэн.   Хамгийн сүүлийн жишээ гэхэд С.Баяр Ерөнхий сайдын үед ТЭЦ-II дээр шахмал түлшний үйлдвэр барина гээд 17 тэрбум  төгрөг улсаас аваад  4-5 жил ноцолдоод бүтээгүй дээ.

-Тухайн цаг үеүдэд яагаад бүтдэггүй, ажил хэрэг болдоггүй байсан хэрэг вэ?

-Зорилго чиглэл, хөтөлбөр гээд бүх зүйл нь жаахан тодорхойгүй байсан хэрэг. Харин энэ Засгийн газар их оновчтой хөдөлсөн.  Нийслэлд түүхий нүүрс хэрэглэхийг шууд хориглолоо. Тэгээд зорилт тавиад тодорхой алхмуудыг хийсэн.  Хөрөнгө мөнгийг нь шийдэж, зохион байгуулалтыг гаргаж чадлаа.  Холбогдох яамд, хотын удирдлага гээд хамтран ажиллаж байна.  Өмнө нь яагаад ажил хэрэг болж чадахгүй байсан гэхээр ямар нэгэн сайд нь тушаал шийдвэр гаргадаг.  Тэр нь зөвхөн нэг яам, тамгын газарт хамаардаг байлаа. Тэгээд сайжруулсан түлшний асуудлыг хувийн компаниудад даатгаад хаячихна. Улс даяараа нийтээрээ ингэж хөдөлж чадаагүй. Тэгэхээр энэ удаа олон талын оролцоотой, төсөв төлөвлөгөөтэй хөдөлж байгаа анхны тохиолдол юм.

-Манайд шахмал түлшний олон компани үйл ажиллагаа явуулдаг.  Төрийн өмчийн том компани ороод ирэхээр зах зээл нь тодорхой хэмжээнд шахагдаж байгаа байх даа?

-Яваандаа шахмал салбарт хувийн хэвшлийнхэн орно. Түүхий нүүрсээ 100 хувь хаачихаад хийж байгаа ажил учраас дараа жилээс боломж гарна байх. Энэ жилийн тухайд төр, засгаас дэмжсэн ч гэлээ хувийнханд даатгавал эрсдэлтэй.  “Өө ашиг олохгүй юм байна гээд орхивол хэцүү л дээ. Тэгэхээр яалт ч үгүй улсын үйлдвэрийн газар байгуулж ажиллах нь зөв байсан. Олон улсад ч тийм байдаг. Сайжруулсан түлшийг дэлхийн улс орнууд хөгжлийнхөө тодорхой түвшинд хэрэглэж байсан. Агаарын бохирдлоо бууруулах нэг гарц нь байж ирсэн. Гэхдээ хувийн компаниуд дангаараа хийгээд нэг их амжилт олж байгаагүй.  Засгийн газар нь дэмжиж байж агаарын бохирдлоосоо салсан олон тохиолдол бий.

-Мэдээж анхны ажил учраас бэрхшээлтэй зүйл олон байгаа болов уу?

-Сайжруулсан түлшийг хадгалах үйл явц жаахан төвөгтэй байна. Усанд норвол шууд задарна. Тэгэхээр нөөцөлсөн түлшээ уут саванд хийж хамгаалах ажлыг манайхан сайн хийж байгаа. Айл өрхүүд маань авчихаад норгоод байж болохгүй. Монгол аргаар бол яг аргал  шиг л хадгалах хэрэгтэй.  Эхний жил учраас алдаа мадаг гарахыг үгүйсгэхгүй.  Үүнийг нь зөв туулах хэрэгтэй.  Бидний ажилд иргэдийн оролцоо хандлага чухал байна. Монгол Улсын иргэн бүр нийслэл хэмээн гэр орондоо өөриймсөг хандаж, утааг бууруулах арга шийдэлд сэтгэл нийлж оролцмоор байна.

-Шахмал түлш хэрэглэж  утааны асуудлаа шийдвэрлэсэн улс олон байдаг. Манайх хаанаас туршлага судалж байна вэ?

-Хамгийн нэгдүгээрт Английн Лондон хот энэ аргаар утаанаасаа салж байлаа. 1952 онд агаарын бохирдол нь гамшгийн хэмжээнд хүрч хүчлээр бороо орж байсан.    Амьсгал нь  боогдож иргэд нь нас барсан тохиолдол бий. Тэгээд Засгийн газар нь хуралдаад зуух, түлш хоёроо сайжруулах шийдвэр гаргаж байлаа.  Цэвэр агаарын хууль гаргаж, түүхий нүүрсээ хориглосон байдаг. Сайжруулсан түлшний зах зээлээ хувийн компаниуддаа өгч, Засгийн газар татвар, борлуулалт гээд бүх төрлийн дэмжлэгийг үзүүлсэн. Ингэж Лондон хот  утаанаас салсан байдаг. Тэдний жишээг Европийн орнууд олноороо хэрэглэсэн. Герман, Унгар, Югослов гээд утаанаасаа салсан улс орон бий. Сүүлийн жилүүдэд энэ туршлагыг Азийн орнууд авч хэрэгжүүлж байна.

-Манайхтай яг зэрэгцээд нэвтрүүлж байгаа орон бий юу?

-Хэрэглэж үзээгүй орон байхгүй. Бараг манайх хамгийн сүүлд нь хэрэгжүүлж байна. “Тавантолгой түлш”-ээс өмнө манай шахмал түлшний зах зээл жаахан замбараагүй явж ирсэн. Гэхдээ одоо төрийн үйлдвэрийн компани энэ салбарт орж ирж ажиллаж байгаа учраас хаа хаанаа хариуцлагатай болж ирж байна. Би шахмал түлшний судалгааг олон жил хийж байгаа гэж дээр хэлсэн.  Дээхнэ үед манайд тоног төхөөрөмж байгаагүй учраас нүүрсээ аваад Чех улс руу явж байлаа. ОХУ, Герман, Польшид очиж монгол нүүрсээрээ шахмал түлш хийж байсан.  Манай нүүрс уг нь сайн шахмал түлш болдог. Гагцхүү усанд орохоороо задарчихна. Тэгэхээр гол нь хадгалалтын асуудлаа шийдэж чадвал энэ салбарт бидэнд ирээдүй бий л дээ.

-Монгол орны нүүрсний онцлог чанар юундаа байна вэ?

-Манай улс нүүрсний нөөц баялгаараа дэлхийд эхний 15-д жагсдаг орон.  Хүрэн нүүрс, чулуун нүүрс, коксжих нүүрс гэж байна.  Багануур, Шивээ-Овоо, Налайхын нүүрс бол хүрэн нүүрс. Баруун тийшээ Завхан, Ховд, Увс, Хөвсгөл рүү чулуун нүүрс байна. Урагшаа Өмнөговь руу мөн чулуун нүүрс байна.   Чулуун нүүрс нь газар доор үүсч бий болсноосоо хойш хэдэн сая жил болсон учраас чанар сайтай.  Харин хүрэн нүүрс нь чулуун нүүрсээ бодоход арай залуу, бага жил дарагдсан байдаг. Үнс, чийг, дэгдэмхий бодис, хүхрийг нь харьцуулахад Тавантолгойн нүүрс хамгийн сайн чанарын ховор төрлийн нүүрс юм.

-Гэр хорооллын утааг сайжруулсан түлшээр бууруулна. Цахилгаан станц, дэд станц, уурын зуухнуудын утааг яах вэ?

-Цахилгаан станцын нүүрс түлэх хэмжээ их ч гэлээ агаар бохирдуулах нь бага байдаг.  Яагаад гэхээр яндан нь 40 метр орчимд байна. Тэгэхээр хүний амьсгалах түвшинд ирдэггүй.  Мөн томоохон станцууд 97 хувийн маш нарийн шүүлтүүрүүд тавьсан байдаг.  Тиймээс тэндээс гарч байгаа утаа гэр хорооллынхоос хамаагүй бага.  Нийт утааны 80 орчим хувийг нь л гэр хороолол үйлдвэрлээд байна. Яг л хүний амьсгалдаг түвшинд утаа нь хаягдаад байдаг. Харин жижиг уурын зуухнууд утааны хэмжээгээр гэр хорооллын дараа орж байна. Тэднийг хий юм уу цахилгаан руу шилжүүлэх хэрэгтэй. 3-5 жилийн дараа нүүрс түлд под станцууд байхгүй болох байх аа. Ер нь бол жил тутам л утаа буурна. Энэ өвөл эрс буурна гэж хүлээж харж байна даа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Холбоотой мэдээ